06 сентября 2019, 07:55

Л.Дашням «ОРООНГО»

               Орчин цагийн тууж

Эхлэл

— Ярих уу, болих уу? гэсээр л эхэлнэ лээ.

— Тэгээд?

— Тэгээд яахав, ярьж л байна лээ…

Нэгдүгээр бөлөг

1.

— Чамайг таньж л байна лээ.

— Яаж таньдаг гэнэ?

— Би яаж мэдэх юм бэ!

— Асуухгүй яасан юм бэ?

— За юу гэж л асууж байх юм бэ!

— Тэгээд таньж байгааг нь яаж мэдсэн юм бэ?

— Тэгж л санагдахгүй юу!

2.

— Өөрийг чинь таньж байна уу?

— Юу гэж дээ?

— Яагаад танихгүй байгаа юм бэ?

—  Яаж таних юм бэ?

— Таньж болно биз дээ?

— Яагаад чи тэгж бодож байгаа юм бэ?

— Зүгээр л тэгж бодогдохгүй юу!

— Гайгүй байлгүй!

3.

— Сонин шүү!

— Юу?

— Юм бүхэн!

— Юу гэх гээд л нууцлаад байгаа юм бэ?

— Тийм юмгүй бол хүн яаж амьд явах юм бэ?

— Байтлаа намайг бас “битүүлдэг” гэх нь үү?

— Чи ямар үхсэн амьтан биш, юу гэж дээ!

— Үгүй мөн ярина шүү!

4.

— Цайгаа уухгүй юм уу?

— Уулгүй л яахав дээ хө!

— Юун уриалгахан байх юм бэ?

— Хүн чинь цайгаа л уух гэж төрдөг биз дээ?

— Хэзээ ийм сүрхий ухаантай болчихов?

— Цайгаа уух тухай яриад л уу?

— Уух нэг хэрэг ээ…

— Тэгээд нөгөө хэрэг нь юу гэж?

— За за, цайгаа уу!

5.

— Ажилдаа явахгүй юм уу?

— Өөр юундаа ч явах юм билээ?

— Би чамайг ажилдаа — аа! гэж байна!

— Баярлалаа!

— Их  соёлтой болжээ!

— Бага нь дээр гэж үү?

— За за! Явж үз!

Хоёрдугаар бөлөг

1.

— Нар мандах ер нь гоё юмаа!

— Жаргах ч бас…

— Жаргахын сайхан гэж юу байсан юм бэ!

— Харахгүй юу?

— Хардаггүй гэж бодоо юу?

— Би ямар хардаг нүдийг чинь харж байсан биш!

— Тэгээд юугы нь хардаг байсан юм бэ?

— Мандах нарыг!

— Би тэгээд нүдгүй амьтан болж таарав уу?

— Нар мандах өөр өө хө! Хэн нэг нь ирж байгаа ч юм шиг…

— Жаргаж байгаа нь ч бас гоё! Эргэж ирэхгүй ээ! ч гээд байх шиг…

— Холдохын сайхан гэж юу байхав дээ!…

— Холдсон юм л уг нь ойртдог биз дээ?

— Юу хэлэх гээд л нунзаглаад байна даа?

— Шөнө болохоор сар мэлтийнэ дээ л гэх…

— Явдалтай шүү!

— Ямар хэвтэлтэй биш!

— Үгүй ер!..

2.

— Амьдралын сайхан нь энэндээ л юм даа!

— Юундаа ?

— Юугы нь ч тааварлашгүйд!

— Юугы нь ч мэдээгүй юм бол яаж сайхныг нь мэддэг юм бэ?

— Мэдээгүйнхээ сайхныг мэдэж болно биз дээ?

— Яаж?

— Тэврээд ч юм уу, тэмтрээд…

— Юу?

— Сайхан юм сайхан даа! л гэх гээд…

— Ярина шүү бас!

— Харин тийм…

3.

— Маргасны тус гэж ер нь байна уу?

— Ус байгаа болохоор…

— Усгүй юм гэж хаана байдаг юм бэ?

— Хүний хүртэл 70 хувь нь ус гээ биз дээ?

— Амьд хүний юү?

— Ямар үхсэн хойно нь л усыг нь хэмжив гэж!

— Үхсэн хүн усгүй гэж хэн хэлсэн юм бэ?

— Нуудаг байсан юм уу?

— Үхсэн хүний тус гэж юу байхав дээ!

— Усгүй болохоороо юу?…

— Юу яриад байгаа юм бэ?

— Нээрээ л маргах тусгүй юм шиг байнаа хө!

— Тэгэлгүй яах юм бэ?

— Усгүй болохоороо л доо!…

4.

— Санаа нийлэх сайхан юм аа.

— Тийм ээ, ханаа нийлүүлэх шиг л…

— За бүр найрагч болчихож!

— Мөөрөгч болчихоогүй л бол…

— Найрагч гэдэг нь дайрагч л юм биш үү дээ?

— Магадгүй! Гэхдээ бичдэг нь дайрахдаан…

— Тэгвэл ичдэг нь хайрахдаан юу?

— Үгүй ээ, бичээд л, ичээд л…

— Хайрах ч үгүй, дайрах ч үгүй шиг!

— Тийм ээ, гуйвахгүй, гулжигнахгүй…

— Эг маг, хэг хоггүй шиг гээч!

5.

— Ажилсаг хүмүүс их мундаг юмаа!

— Амсаг нь ч бас дутахгүй дээ!

— Дайруулаад байгаа юм уу?

— Үгүй, төөрүүлээд байна!

— Үгээ л олж үзээрэй!

— Үргээчихэв гэж үү?

— Юуг?

— Юм юмаа…

— Бодолтой л ярьж үзээрэй!

— Тэгье! Болгоомжтой л байхыг бодоё!

— За за, явъя! Үг чинь холдлоо!

— Үр нь ойртох байлгүй!

— За мэдэхгүй дээ… Төөрч ч мэдэх л биз!

— Үгүй дээ, төрж ч болно вий!…

Гуравдугаар бөлөг

1.

— Түвэгтэй уулзлаа шүү!

— Тэгвэл уулздаггүй л байж!

— Юу яриад байгаа юм бэ?

— Уулзсанаа л…

— Чиний яриа нөгөө л хэвээрээ юу?

— Өөрчлөх байсан юм уу?

— Юуг?

— Яриагаа!

— За яршиг шүү ! Өнөөдөр зүгээр л нэг ярьж үзээрэй!

— Маргааш яахав?…

— Олон үггүй л намайг нэг үнсчих!

— За тэгье!

2.

— Ээж чинь их хөгширсөн үү?

— Хэдэн жил болчихов доо, энэ чинь?

— Хөгшрөөд үү?

— Ишш! …Чи бид хоёр уулзахгүй болсоор!

— Тэрнээс болоод хөгширчихлөө гэж үү?

— За, за тэгж ойлго! Ухаантай үг хэллээ!

— Чи юу?

— Хөгшрөх тухайд ярьж байна!

— Би юу?

— Зүгээр л наад цэсээ хар!

3.

— Сайхан дайлсанд баярлалаа.

— Хэнийг?

— Намайг! Бас өөрийгөө…

— Тийм ээ, өөрийгөө ч бас!

— Хамтдаа шүү!

— Тийм ээ, бүгдтэй нь хамт!

— Одоо чи хэнтэй хамт баймаар байна?

— Хаана?

— Гэртээ?

— Чамтай!…

4.

— Танай энд чинь нэг хөшөө босгочихжээ?

— Хаана?

— Замын хажууд!

— Ямар сонин юм бэ? Би огт хараагүй юм байна.

— Харах хэрэггүй л дээ!

— Тэгээд яах хэрэгтэй гэж?

— Мэдэх!

— Юуг?

— Хөшөөг!

5.

— Гоё байна уу?

— Аахаан! Тэгэлгүй яах юм бэ!

— Яагаад гоё байна гэж?

— Мэдэхгүй!

— Яагаадыг би хэлэх үү?

— Тэг!

— Бүх юмаа алдсан учир!

— Юу — уу?

— Хамаг сайхнаа гээчихсэн болохоор гоё байгаа юм!

— Хаана?

— Энд!

— Чи юу яриад байгаа юм бэ?

— Хамаг юмаа миний өвөрт…

— Юу — уу?

— Нандин бүхнээ гэж байна!

— Аан!… Алив би чамайг үнсэе!…

Төгсгөл

— Хэд байна?

— 15!

— Яагаад 15 гэж?

— Тоолсон чинь л!

— За үгүй байлгүй дээ!

— Тоолдоггүй байж гэж үү?

— Хэн тэгсэн юм бэ?

— Би л лав…

— Тэгээд би болох нь уу?

 2019.06.09 — 09.06.

Подстам-Улаанбаатар

Уран хун

 

 

Поделиться:

Автор:

comments powered by HyperComments